Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Хөдөлмөр эрхлэлт 0 сэтгэгдэл 15 үзсэн

Энэ удаагийн ярилцлагаараа бид Өмнөговь аймгийн Политехникийн коллежид ажилладаг Уранзултай ярилцсан бөгөөд тус политехникийн коллеж нь Мэргэжлийн Боловсрол Сургалтын Байгууллага дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах боломжтой ажлын байрны орчныг стандартын дагуу бүрдүүлж чадсанаараа онцлог юм.

Сайн байна уу? танд энэ өдрийн мэндийг хүргэе ?

Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байцгаана уу. Намайг Уранзул гэдэг. Би 2009 онд ахуйн ослын улмаас нуруу нугасны гэмтэл авч тэргэнцэр дээр суудаг болсон. Өмнөговь аймгийн Политехникийн коллежид арга зүйчээр ажилладаг.

Та ямар мэргэжлээр сурсан бэ?

ШУТИС-ийг Автын инженер мэргэжлээр сурч төгссөн.

Энэ ажилдаа орохынхоо өмнө өөр ажил хийж байсан уу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалан ажилладаг төрийн бус байгууллагад ажилладаг байсан, одоо ч бас давхар энэ ажлаа хийж байгаа. Мөн гэмтэхээсээ өмнө аймгийнхаа Цагдаагийн газар тоо бүртгэгчээр ажиллаж байсан.

Ажлын байрны зарыг хаанаас авдаг вэ?

Яг үнэндээ ажилд орно гэж огт бодож байгаагүй. Олон цагаар тэргэнцэр дээрээ удаан суухаар ачаалал даахгүй байх гэж боддог байсан болохоор ажил хайж байгаагүй. Тийм болохоор ажлын байрны зарыг энд тэндээс хайж байгаагүй юм байна.

Таны бодлоор хөгжлийн бэрхшээлтэй хүн ААН-д ажилд ороход ямар асуудлууд тулгардаг бол?

Хамгийн эхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах зориггүй ч юмуу, нэг үгээр хэлбэл хандлага сэтгэл байхгүй учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажил ороход маш том саад бэрхшээл тулгарч байна гэж хардаг. Хөгжлийн бэрхшээлийн талаар тус бүрийн тухай зөв ойлголттой болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүнд ийм саад тулгардаг юм байна, ингэж шийдэж өгвөл энэ хүн ажиллахад саадгүй болох юм байна гэдгийг ААНБ-ын дарга удирдлагууд мэдээд жаахан сэтгэл гаргачхад энэ бол хэцүү зүйл биш. Үүнийг дагаад дэд бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн асуудлууд бүгд шийдэгдэнэ гэж боддог.

Одоо эрхэлж байгаа ажилдаа ороход бэрхшээлтэй зүйл байсан уу? Энэ байгууллагадаа хир удаан ажиллаж байгаа вэ?

Политехникийн коллежид ажилтнаар ороод 1 жил болж байна. Мэдээж өмнө нь ажиллаж байгаагүй шинэ салбар болохоор ажлаа хийж чадах болов уу, ажилдаа хурдан дасах болов уу гэсэн айдас эмээлт байсан. Одоо харин энэ айдас маань бага багаар арилж байгаа.

Таныг ажилд ороход байгууллага тань тохирох хэрэглэгдэхүүн хүртээмжтэй орчныг хир бүрдүүлсэн бэ?

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран /GIZ/ хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад, зориулан ариун цэврийн өрөө болон хичээлийн байрууд мөн спорт заалны гаднах налуу замуудыг стандартын дагуу хийж тохижуулсан. Мөн явган хүний замыг тэргэнцэртэй болон хараагүй хүнд зориулан хөтөч зам суулган хийсэн. Эдгээр бүх өөрчлөлт хүртээмжтэй орчин нь намайг ажилд ороход том түлхэц болж өгсөн.

Ажилдаа яаж ирж очдог вэ?

Хэдийгээр манай аймагт нийтийн тээвэр явдаг ч хүртээмжгүй болохоор сууж чаддаггүй. Харин манай ажил 70 ажилтантай болохоор ажилчид хуваарь гарган өдөр бүр нэг нэгээрээ намайг гэрээс аваад ажилд хүргэж өгдөг. Тухайн өдрийн ээлжтэй хүн тэр өдрөө бүтэн өдрөөр туслалцаа хэрэгтэй үед надад тусалж байдаг болохоор ажилдаа ирж очиход асуудал гардаггүй ээ.

Ажилчдын уур амьсгал ер нь ямар байдаг вэ? Ажлынхан тань таны тухай болон хөгжлийн бэрхшээлийн тухай хэр зэрэг ойлголттой байдаг вэ?

Ажлынхан маань намайг ажилд орохоос өмнөхөн ажилчдадаа зориулан хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эерэг ойлголт өгөх зорилгоор DET-ийн сургалтыг “Түгээмэл Хөгжил” төвийн сургагч багш нараас авсан байсан. Тэр сургалтын ачаар намайг ажлынхан маань ойлгож харьцдаг байсан нь надад их амар байсан. Мөн хамт олон маань намайг ажиллаа хийхэд их тус нэмэр болдог болохоор надад ч гэсэн ажлаа хийхэд илүү амар байдаг.

Ажил идэвхтэй хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй залуучууддаа хандаж зөвлөгөө өгвөл.

Өөртөө итгэлтэй зоригтой байж, өөрийгөө голохгүйгээр удирдах албан тушаалтанд бэрхшээлийн талаар зөв ойлгуулж, харилцан бие биенээ ойлгож ажиллавал цаашид үл ойлголцох асуудал гарахгүй байх болно гэж хэлмээр байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авах гэж байгаа ААНБ-д хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах гэж байгаа ААНБ-д хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар тодорхой мэдээлэлтэй байх. Хүний эрхийг хүндэтгэж, ажилд авахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өрөвдөж биш, баялаг бүтээгч хэмээн харвал илүү амар байх болно шүү гэж хэлье даа.

За баярлалаа бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд. Таны цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Блог руу буцах