Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх боломж тэр болгон байдаггүй. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй ч ажиллаж болдог гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж яваа С.Балжинням ярилцлаа.
Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу? Намайг Содномын Балжинням гэдэг Render wood компанид IT инженерээр ажилладаг. 2016 онд авто машины осолд ороод нуруу нугасны гэмтэл авсан. Одоо тэргэнцэр дээр суугаад 4 жил болж байна.
IT инженерээр ажилладаг гэлээ. Ямар сургууль хэдэн онд төгссөн бэ?
Их засаг их сургуулийг IT инженер мэргэжлээр 2015 онд төгссөн.
Гэмтсэнийхээ дараа энэ ажилд орсон юм байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй болсоныхоо дараа энэ ажлаас өөр ажил хийж байсан уу?
Би сургуулиа төгссөнийхөө дараа авто машины осолд орсон. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаад эхлээд Эко констракшнд ажилд орсон. Тэндээ ажиллаж байгаад одоо “Render Wood LLC”-д ажиллаад жил гаран болж байна.
Ажлын байрны зар мэдээллийг хаанаас түлхүү авдаг вэ?
Миний хувьд Хөдөлмөрийн бирж, ажилд зуучилдаг байгууллагуудад бүртгүүлж байгаагүй. Ихэвчлэн сошиал медиаг ашиглан ажлын байрны зар мэдээллийг авдаг. Сүүлийн жилүүдэд сошиал медиа хөгжиж хүн бүр л ашигладаг болсон. Тэр ч утгаараа байгууллагууд ажлын зарыг сошиал медиад тавьж байгаа.
Таны бодлоор хөгжлийн бэрхшээлтэй хүн ААНБ-д ажилд орход ямар асуудал тулгардаг бол?
Ер нь бол хүртээмж дэд бүтцийн асуудал их хүндрэлтэй байдаг. Жишээ нь ажлын байрны гаднах шат, ариун цэврийн өрөөний зай багтаамж, ажиллах орчин, хамт олны уур амьсгал, хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт хандлагагүй зэрэг нь зарим тохиолдолд бэрхшээл үүсгэдэг юм шиг санагддаг.
Одоо эрхэлж байгаа ажилдаа ороход бэрхшээлтэй зүйл байсан уу? Байгууллагадаа хэр удаан хугацаанд ажиллаж байна. Таныг ажилд орхоод байгууллага тань тохирох хэрэглэгдэхүүн хүртээмжтэй орчныг хэрхэн бүрдүүлсэн бэ?
Энэ байгууллагадаа ажиллаад 1 жил болж байна. Анх ажилд ороход манай байгууллагын гадна шат налуу замгүй байсан. Гэхдээ намайг ажилд орсны дараа гаднаа налуу зам хийсэн. Мөн ариун цэврийн өрөөндөө бариул хийсэн, бас миний ажиллах ширээг тэргэнцэртэй хүн сууж ажиллах боломжтой болгож намайг ажиллах боломж нөхцөлөөр хангасан. Миний хийх ажил гадуур дотуур явах шаардлагагүй зөвхөн компьютер дээр сууж ажилладаг болохоор нээх хэцүү зүйл байхгүй ээ.
Ажилдаа яаж ирж явдаг вэ?
Манай ажил гэр хоёр нэлээн зайтай байдаг болохоор байнга нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлагатай болдог. Гэхдээ одоогоор тэргэнцэртэй хүн суух боломжтой автобус зөвхөн хотын төвөөр л явдаг. Миний явах чиглэлд байдаггүй болохоор нийтийн тээвэрт суух боломжгүй болчхоод байгаа юм. Одоогоор би өөрөө гар удирдлагатай машин бариад ажилдаа явж байгаа. Гэхдээ манай ажлын гадаа тэргэнцэртэй хүний машины зогсоол байхгүй болохоор бууж суухад жоохон хүндрэлтэй байдаг.
Ажлын газрын уур амьсгал ер нь ямар байдаг вэ? Хамт олон тань таныг бэрхшээлийн талаар хэр ойлголттой вэ?
Манайхан ер нь бусад газруудтай л ижилхэн өөрсдийнхөө хариуцсан ажлуудаа хийгээд л байж байдаг. Намайг хөгжлийн бэрхшээлтэй гэсэн байр суурьнаас ханддаггүй. Хамт ажилладаг хүмүүсийн хувьд миний талаар мэдээлэл дутмаг байдаг нь би анхнаасаа ажилд орохдоо өөрийгөө болон хөгжлийн бэрхшээлийнхээ талаар ойлголт мэдээлэл өгөөгүй болохоор тэр талын мэдээлэл ойлголт дутмаг байдаг байх. Гэхдээ ажил дээрээ бусдаас нээх их тусламж аваад байдаггүй болохоор харьцангуй байгүй ээ.
Ажил идэвхтэй хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Миний бодлоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрийгөө л сайн хөгжүүлэх хэрэгтэй. Харилцаа хандлага мэдлэг чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрвээ ажлын ярилцлагад ороод тэнцээгүй бол яагаад тэнцээгүй ямар туршлага, чадвар дутсан талаараа сайн нягталж үзээд тэр чиглэлүүдийнхээ сургалт, уулзалт, хурал семинарт хамрагдах хэрэгтэй. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлдэг сонирхолтой, чадвахжуулах төсөл хөтөлбөрт нь оролцох, сайн дурын ажил хийгээд байвал бусадтай харилцах, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх зэрэг олон олон зүйлийг суралцах боломжтой шүү.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах гэж буй ААНБ-д хандаж ямар зөвөлгөө өгөх вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах гэж байгаа бол тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ онцлог, хэрэгцээ шаардлагын талаарх мэдээллийг сайн судлах хэрэгтэй. Ажлаа хийхэд нь ямар тохирох хэрэглэгдэхүүн хэрэг болох, ширээ нь ямар байвал илүү эвтэйхэн байх, ариун цэврийн өрөө, налуу зам зэргийг боломжтой бол засаж янзлах хэрэгтэй. Бас байгууллагынхаа ажилчдад шинээр ажилд орж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ талаар зөв ойлголт мэдээлэл өгөх шаардлагатай. Тэгэхгүй бол хүмүүс буруугаар ойлгож өвчтөн гэж үзэх тохиолдол гардаг болохоор энэ тал дээрээ илүү анхаараасай гэж хүсэж байна.
Бидний ажилд тусалж бусдад сэдэл өгөх ярилцлага өгсөн танд маш их баярлалаа таны цаашдынх нь ажилд хөдөлмөрт амжилт хүсье.