Бид ярилцлагынхаа 3 дахь зочноор Moнре даатгалын харилцааны мэргэжилтэн Х.Соёлдэлгэрийг сонгосон юм. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн нийгмийн амьдралд идэвхтэй оролцож сурсан мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж яваа хөдөлмөрч бүсгүйтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Сайн байна уу? танд энэ өдрийн мэндийг хүргэе ?
Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу. Намайг Х.Соёдэлгэр гэдэг. 31 настай тулгуур эрхтний бэрхшээлтэй болоод 5 жил болж байна. Одоо Монре Даатгалд харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаа.
Та ямар мэргэжлээр төгссөн бэ?
Би Үндэсний Их Сургуулийг Бизнесийн удирдлага банк санхүүч мэргэжлээр 2011 онд төгсөөд дараа нь Удирдлагын академийг санхүү хүний нөөц мэргэжлээр 2013 онд төгссөн.
Та өмнө нь Интермэд эмнэлэгт ажиллаж байсан. Анх яаж холбогдож ажилд орсон бэ?
Анх сургуулиа төгсөөд гэмтэхээсээ өмнө Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан. Гэмтэл аваад 2 жил гаруй эмчилгээ хийлгээд гэртээ байх хугацаандаа нэг таньдаг эгчээсээ Түгээмэл Хөгжил төвөөс Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд татан оруулах зорилготой 4 сарын хугацаатай манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар сонсоод тэрхүү хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрийн явцад олон үйл ажиллагаа, уулзалтуудад оролцсоны нэг нь Интермэд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах байв. Дараа нь Интермэд эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах тухай зарыг сонсоод ажлын ярилцлагад орж тэнцсэн. Интермэд эмнэлэгт тооцоо бүртгэлийн ажилтнаар 2 жил гаран ажилласан. Анх ажилд ороход эмнэлгийн дотоод орчин хүртээмжтэй харин үүдний налуу зам стандарт бус жоохон огцом байсан. Би чинь өөрөө тэргэнцэртэй болохоор манай хамт олон орж гарахад саадгүй байлгахаар налуу замыг стандартын дагуу засаж янзалсан. Мөн эмнэлгийн хамт олон маань хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар ойлголт мэдээлэлтэй болоод ямар ч хүн ирж үйлчлүүлэхэд таатай найрсаг орчинг бүрдүүлж чадсан мундаг хамт олон болж чадсан.
Одоо ажиллаж байгаа байгууллагынхаа талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч. Яаж холбогдож ажиллах болсон бэ?
Намайг Интермэд эмнэлэгт ажиллаж байхад ажлын санал ирсэн. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авах гэж их удаан хайсан юм байна лээ. Тэгээд нэг таньдаг хүн нь намайг Интермэд эмнэлэгт ажилладаг талаар захиралд нь хэлсэн байсан. Тэгээд захирал маань өөрөө надтай холбогдоод ажиллах газраа очиж үзсэнийхээ дараа шийдвэрээ гаргасан даа.
Энэ байгууллагад ажиллахад танд юу нөлөөлсөн бэ?
Анх уулзаад ажиллах газраа очиж үзсэн. Тэгэхэд захирал надаас энд ажиллахад юу хэрэг болохоор байна гэж асуусан нь надад их таалагдсан. Тэгээд би захиралтай өөрийнхөө хэрэгцээ шаардлага юу байгаа талаар 6-7 хуудас юм бичиж өгч байсан. Тэгсэн захирал шууд л болноо гээд л энэ байгууллагад ажиллахаар болсон. Ер нь анх уулзаад л миний хэрэгцээ шаардлагыг асуусан бас ажлын цагийн уян хатан байдал нь их нөлөөлсөн байх. Бусад байгууллагууд өглөө яг 8 цагт ирж цагаа бүртгүүлсэн байх шаардлагатай гэдэг бол манайх өглөө 8:00-10:00 цагийн хооронд ирээд цагаа бүртгүүлээд ажиллаж болдог. Тэгээд бүртгүүлсэн цагаасаа хойш ажлын 7 цагаа нөхөөд хийх боломжтой. Дундаа бас хоолны нэг цагийн амралттай байсан нь надад их боломжийн санагдсан.
Таны бодлоор хөгжлийн бэрхшээлтэй хүн ААН-д ажилд ороход ямар асуудлууд тулгардаг бол?
ААН байгууллагууд Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар ямар ч ойлголт байдаггүй. Энэ хүнийг ажлын байраар хангахын тулд юу хэрэгтэй юу хийх талаар мэдээлэл байдгүй. Зарим байгууллагууд татвараас чөлөөлөгдөхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авдаг байх. Тэгэхээр бид өөрсдөө ажилд зориглон орж өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж байж ААН байгууллагуудын энэ асуудал арилгаж чадна гэж боддог.
Одоо эрхэлж байгаа ажилдаа ороход бэрхшээлтэй зүйл байсан уу? Энэ байгууллагадаа хир удаан ажиллаж байгаа вэ?
Бэрхшээлтэй зүйл байгаагүй ээ. Энд ажиллаад 2 сар гаран болж байна. Ажиллаж эхлээд удаагүй байхад Ковид-19 цар тахал дотооддоо алдаад хөл хорио тогтоогоод одоо гэрээсээ ажиллаж байгаа.
Таныг ажилд ороход байгууллага тань тохирох хэрэглэгдэхүүн хүртээмжтэй орчныг хир бүрдүүлсэн бэ?
Анх ажлын маань компьютерын ширээний доогуур хөл орохгүй тулдаг байсан бол ширээг минь сольж тэргэнцэртэйгээ суухад хөл тулахгүй эргэхэд чөлөөтэй зайтай болсон. Бас ариун цэврийн өрөөний хаалга хүнд би татаж онгойлгож чаддаггүй байсан бол хөнгөн хаалгаар сольж ажилд хэрэглэгдэх бүх тоног төхөөрөмжийг миний гарын дор хэрэглэж болохуйц байрлуулж өгсөн нь надад их амар болсон.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд нийтийн тээврээр зорчих боломж байдгүй шүү дээ. Та ажилдаа яаж явдаг вэ?
Манай гэр Жуковд байдаг харин ажил маань Энх-тайвны гүүрний баруун талд Хурд хорооллын хажууд болохоор нийтийн тээврээр явах боломж байдаггүй. Бас би өөрөө тэргэнцэртэй гадуур явахад туслах хүн байхгүй, автобусны буудал нь ч хол болохоор автобусанд суух үнэхээр хүндрэлтэй. Одоогоор ажилдаа таксийгаар л явж байна даа.
Ажлынхан тань таны тухай болон хөгжлийн бэрхшээлийн тухай ямар ойлголттой байдаг вэ?
Ажилчид маань хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орно гэж мэдэж байсан боловч хөгжлийн бэрхшээлийн талаар ямар ч ойлголтгүй байсан. Тэгээд намайг ажилд орсноос хойш ер нь надаар дамжуулан мэдээлэл авч олголттой болж байгаа. Анх надтай нээх юм ярьдаггүй өрөвдсөн, цэрвэсэн байдалтай харьцдаг байсан бол одоо харьцангуй ойлголттой болоод миний чадахгүй зүйл дээр минь туслаад уур амьсгал шал өөр эерэг болж байгаа.
Ажил идэвхтэй хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад хандаж өөрийн туршлагаасаа хуваалцаач.
Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд маань өөртөө итгэлтэй өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Өөрийнхөө талаар илэн далангүй ярьж өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг ажиллаж гэж байгаа газрынхаа удирдлагуудад хэлж байж ажилд орох хэрэгтэй гэж боддог. Чадах зүйлээ бас чадахгүй зүйлээ анхнаасаа хэлж ажилдаа орохгүй бол дараа нь үл ойлголцол гарах хөгжлийн бэрхшээлтэй хүнийг чадамжгүй гэх ойлголтыг тухайн байгууллагадаа өгчихдөг. Тэгэхээр анхнаасаа л сайн ярилцах хэрэгтэй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бусад хүмүүст өөрсдийгөө энгийн хүн шиг хардаг болтол нь нийгэмд гарч өөрсдийгөө нээж өгөх хэрэгтэй. Тэгж байж л гэртээ байгаа хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг нийгэмд гарч ирэх үүд хаалгыг нээж өгч чадна шүү дээ. Ер нь бол хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл гаднах орчинд биш хүний толгойд байдаг гэж би боддог. Сэтгэлгээгээ өөрчилж зоригтой бай гэж хэлмээр байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авах гэж байгаа ААНБ-д хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Нэг үеэ бодвол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө ажилладаг олон ТББ-тай болж. Тэнд ажиллаж байгаа хүмүүс маань хөгжлийн бэрхшээлийн хэрэгцээ шаардлага, хүртээмжийн талын чиглэлийн сургагч багшаар бэлтгэгддэг. Тэгвэл тэр байгууллагуудын сургагч багш нараар дамжуулаад ААНБ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ойлголт мэдээлэл өгөх сургалтыг бүх ажилчдадаа авах хэрэгтэй санагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахаас эхүүлээд бэлтгэх ажил дээр анхаарах мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөл, онцлог ялгаатай байдлын талаар мэдээлэл өгчихвөл дараа нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд ороход илүү амар болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар ойлголт мэдээлэлгүй уур амьсгал хөндий байгууллагад ажилд орвол тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнд маань сэтгэлээсээ ажиллах ямар ч сэдэл төрөхгүй байх.
За баярлалаа ингээд бидний яриа өндөрлөж байна. Тэгээд сүүлийн асуултыг танд үлдээе.
Та бүхэнд ч гэсэн баярлалаа ийм гоё вэб сайт нээгээд түүндээ миний ярилцлагыг нийтэлж байгаад. Тэгээд би өөрийн бодож явдаг зүйлээ хэлье.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань яг энэ корона вирус шиг салбар бүрт тархаад ажиллаж үзээсэй гэж хүсмээр байна. Анх мэдээж бүх зүйл хэцүү байна. Гэхдээ бид өөрсдөө чадна гээд зүтгэвэл хийж чадахгүй зүйл байхгүй. Бид өөрсдөө салбар бүрт ажиллаж байж хүмүүсийн ойлголт хандлагыг өөрчилж хүртээмжийг бий болгож чадна шүү гэж хэлмээр байна.
За баярлалаа бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд. Таны цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.