Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Бие даан амьдрах, Хүртээмж 0 сэтгэгдэл 12 үзсэн

Монголд Бие Даан Амьдрах төвийн үүсэл хөгжил

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол өвчтөн, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй гэдэг хандлага манай нийгэмд байсаар байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгэмд ямар ч ялгаварлан гадуурхалгүйгээр эрхээ эдлэх эрхтэй. Гэтэл бодит амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах нийгмийн хандлага жинхэнэ бэрхшээлтэй болгож, нийгмээс тусгаарладаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил нийгмийн амьдралд оролцож, бие даан амьдрах боломжтой гэдгийг нийгэмдээ ойлгуулах гэж Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв ТББ нь 2010 оноос хойш ажиллаж байна. Ингээд Монгол улсад “Бие даан амьдрах” систем хэрхэн хэрэгжиж байгаа талаар “Түгээмэл Хөгжил” төвийн тэргүүн Ч.Унрахбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад байгууллагынхаа зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулаач, ямар чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулж байна вэ?

Түгээмэл Хөгжил төв одоогийн байдлаар 140 орчим гишүүдтэй, 17 үндсэн ажилчидтай бөгөөд үүнээс 13 нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах тогтолцоог бий болгохоор энэхүү байгууллагыг үүсгэн байгуулсан. Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр хөнгөн байх тусам нийгэмтэй зохицож амьдарч болдог. Харин бэрхшээлийн хэлбэр хүндрэх тусам тухайн хүн нийгмээсээ холдож, тусгаарлагдаж эхэлдэг. Бид бэрхшээлийн хэлбэр хүнд залуусыг ажлын байраар хангаж, Монгол улсад жишиг болох тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Түгээмэл Хөгжил төвд маань ажиллаж байгаа 13 хөгжлийн бэрхшээлтэй хүний найм нь нэлээд хүнд хэлбэрийн бэрхшээлтэй ч тодорхой мэргэжлүүдээр ажиллаж байна.

Манай байгууллага нь бие даан амьдрахыг дэмжих хөтөлбөр, нийгмийн оролцоог дэмжих хөтөлбөр, тэгш хамруулах боловсролын хөтөлбөр, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүд, төртэй хамтран ажиллах төрийн ажлыг гэрээлэн гүйцэтгэх гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой хууль, эрх зүй нэлээдгүй бий. Одоогийн нөхцөл байдалд хэрэгжилт ямар байгаа вэ?

Монголд цаас нь дээр батлагдсан хууль тогтоомж бол маш их байдаг. Тэдгээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ хүрсэн байдаг уу гэхээр үгүй. Харин сүүлд Монгол улсад 2016 оны 2 сарын 5-нд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль” батлагдсан. Тус хуульд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх, түүнийг хэрэгжилтийг хангахтай холбоотой үйлчилгээг 32-р зүйлээр хуульчилсан. Үүнд хувийн туслах, зөвлөлдөх үйлчилгээ, зөвлөгөө өгөх зэрэг шинэ хэлбэрийн үйлчилгээнүүд багтсан. Энэхүү хуулийг боловсруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний төлөөллийн байгууллагуудын оролцоо нэлээдгүй байсан. Гэвч бодит байдал дээр тус хуулийн хэрэгжилт хангалтгүй бөгөөд нийгэм олон нийтийн дунд “Бие даан амьдрах эрх” шинэ үзэл санаа бүхий хуулийн заалтуудын талаар ойлголт мэдлэг дутмаг, хэрэгжилтийг хангах санхүүжилтийн механизм тодорхойгүй зэрэг олон асуудлын шийдлийг хүлээсээр байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтад өртөхөөс хамгаалах, тэдний өдөр тутмын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хувийн туслах үйлчилгээ нь хамгийн оновчтой нийгмийн халамжийн тогтолцоо юм. ХБХЭ (Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрх)-ийн тухай хуулиар дээрх асуудлыг баталгаажуулсан хэдий ч бие даан амьдрахад дэмжих үйлчилгээнүүдийн санхүүжилт болон хэнд хэрхэн ямар арга хэлбэрээр (хувийн туслах үйлчилгээ гэх мэт) хүргэх зэрэг нэн чухал арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх хэрэгцээ бий болж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээр л ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй гэдэг ойлголт нийгэмд байдаг. Гэхдээ энэ хандлага жилээс жилд сайжирч байна уу гэж харагддаг. Таны нүдээр харахад хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Улсаас хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөрөнгө санхүү баталдаг. Энэ нь мэдээж тодорхой үр дүнтэй байдаг байх. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нүдээр гарахаар санаачилж байгаа ажил нь зөв ч, хэрэгжүүлж байгаа арга барил оновчгүй санагддаг. Их хөрөнгө гаргаж, жижиг үйлдвэрүүд дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдэг. Бидний хувьд тулгуур эрхтэн бэрхшээлтэй, тэргэнцэр дээр суудаг учраас хөдөлмөр эрхлэхэд хэд хэдэн анхаарах зүйлс гардаг. Нэгд, хүртээмж маш чухал. Тухайн байгууллага нь тэргэнцэртэй иргэнд зориулсан зогсоол, шат, асуудалгүй орж, гарах гарцтай, ариун цэврийн өрөө зориулалтын байх шаардлага гардаг. Интермед эмнэлэг бол энэ бүх хүртээмжийн асуудлыг барилгадаа бүрэн шийдсэн байсан. Гэхдээ тухайн байгууллага орчиндоо бүх асуудлыг шийдсэн ч тэргэнцэртэй ажилчин маань гэрээсээ гараад ажилдаа очих, ажлаасаа гэртээ харихад гол хүндрэл үүсдэг. Ажил дээрээ очиход хамт олон нь тусалж дэмжээд асуудал гардаггүй. Харин гэрээсээ гараад автобусанд суугаад ажилдаа явъя гэхээр автобус нь зориулалтын бус, тэргэнцэртэй иргэн автобусаар зорчих ямар ч боломжгүй байна. Заавал гэрийнхээ хэн нэгнийг дагуулж таксинд суух шаардлага гарна. Тиймээс төрийн бодлогоор эхлээд хүртээмж, дараа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авч байгаа аж ахуйг дэмжих урамшуулах тогтолцоо чухал харагддаг. Заавал мөнгөөр биш, мөнгөн бусаар татвар, урсгал зардлаар дэмжиж ч байж болно шүү дээ. Нөгөө талд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд оруулах зуучлах тогтолцоо Монголд байдаг ч оновчтой биш байгаа. Зуучлаад ажилд оруулаад орхих биш тухайн хүнийг ажилд  нь дасгах чухал байдаг. Халамжлан хүмүүжүүлэгч гэж тогтолцоо байсан шиг ажлын байранд нь дасгах хугацаа хэрэгтэй. Бид өнөөдрийг хүртэл олон хүнийг ажлын байранд зуучилж байхад хэд хэдэн анхаарах зүйлс ажигласан. Нэгд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олон нь ойлгохгүй байвал тухайн хүн яваандаа шантарч, нийгмийн амьдралд оролцохыг хүсдэггүй. Хоёрт нь хүртээмжгүй орчин. Хүртээмжтэй орчинд зөвхөн ариун цэврийн өрөө, шат, орц гарцыг хэлдэггүй. Манай байгууллага гэхэд бүх орчноо тэргэнцэртэй иргэдэд зориулан тохируулсан. Ширээ гэхэд хөл доогуур орчихдог, суухад хялбар байдлаар хийсэн. Бүх хаалга босгогүй, бүх зүйлээ бэрхшээлтэй иргэдэд зориулсан байдлаар хийсэн. Хүн ямар нэгэн зүйл тохиромжгүй байхаар аажимдаа шантарч эхэлдэг. Тиймээс бид хүнрүүгээ чиглэсэн ийм ажлуудад анхаарах нь чухал.

Нийтлэлийн PDF хувилбар татах (шинэ цонхонд)

Блог руу буцах