ААН, байгууллагад өгөх зөвлөгөө, мэдээлэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дотор хөдөлмөр эрхлэх сонирхолтой ч ажил олдохгүй байгаа шалтгааныг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдийгөө үнэлж байгаа болон ажил олгогчдын зүгээс үнэлж байгааг харьцуулан үзэж бичлээ. Мөн ААН байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах мөн хөгжлийн бэрхшээлтэй ажилтандаа асуудал байна хэмээн үзэж тухайн хүнийхээ талаар ямар нэгэн тодорхой шийдвэр гаргах гэж байгаа бол та тухайн хүнтэй холбоотой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага эсвэл мэргэжилтэнд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.
Хэрвээ та хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах гэж байгаа бол ерөнхий мэдээлэлтэй байх шаардлагатай. Үүний хүрээнд судалгаан дээр тулгуурлан дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Ерөнхий дүгнэлт
2018 оны статистик мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй ажил хайж байгаа хүмүүсийн 73% нь өмнө нь ажил хийж байгаагүй, мөн тал хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 50 орчим хувь нь нэгдүгээр ангид элсэн ордог ч суурь боловсрол эзэмшдэг нь 20 хүрэхгүй хувь байдаг. Энэ тоо 2018 он хүртэл нэлээн хэдэн жил тогтвортой байсан. Эндээс харахад аль аль судалгаанд дурдагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол, мэргэжлийн ур чадвар дутах нь ойлгомжтой хэмээн үзэж байна.
Сургуульд сууж чадаагүй, нийгмийн харьцаанд хангалттай орж чадаагүй, дээрээс нь манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай асуудал хөндөгдөхөд халамжлах тухай ярьдаг нь тэднийг нийгмийн гишүүн болох буюу нийгэмшихэд нь саад болдог учир үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, халамжлуулах, өрөвдүүлэх сэтгэхүйтэй гэж ажил олгогч нарыг дүгнэхэд хүргэсэн байх. Нэгэнт хөгжлийн бэрхшээлтэй гэж тогтоогдсон, ажлын ур чадвар хангалтгүй тохиолдолд хөдөлмөрийн бүтээмж бусад хүмүүсээс дутуу байх болов уу. Мөн дэд бүтцийн хүртээмжгүй байдал нь бэрхшээл үүсгэдэг гэдэг нь хүн бүрт ойлгомжтой.
Ерөнхий зөвлөмж
Танд дараах 11 ерөнхий зөвлөмж буюу мэдээлэл өгье.
- Манай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд байдаг Хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ, Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажилд зуучлах үйлчилгээг өмнө дурдсан ерөнхий асуудлыг тооцон тухайн хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үзүүлэх нь чухал. Эдгээр үйлчилгээг үзүүлэх ёстой төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллага байх ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний хэрэгцээ, онцлогийг бүрэн мэдэхгүй учир үр дүнд хүрч чадахгүй байна.
- Чи багаасаа хөгжлийн бэрхшээлтэй байсан боохоор чадахгүй гэсэн хандлагаар өсөж хүмүүжсэн хүн өөрийгөө бусдаас доогуур үзэх, өөртэй итгэлгүй болж төлөвшдөг байхад, зарим эрх танхил дураараа өссөн нь би чадна, надад үйлчлэх ёстой гэсэн нэг хэсэг хүмүүс ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дотор бий. Ажил хөдөлмөр хийж яваад олдмол хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс өөрийгөө урьд өмнөхтэйгээ харьцуулан бодож, өмнө хийж байсан зүйлээ чанартай сайн хийж чадахаа больсон тухай бодож сэтгэлээр унах болон бусдаас ичих зовох хандлагатай болсон элбэг. Эдгээр хүмүүсийг бие даан амьдрах хөтөлбөр, зөвлөлдөөн гэсэн арга технологоор сэргээн засах нь үр дүнтэй байдаг.
- Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх/АМЧБОЗӨ/ асуудлыг чадварлаг зохион байгуулах хэрэгтэй учир хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах. АМЧБОЗӨ үйлчилгээний аль аргыг сонгох, ямар хугацаанд ажиллах, ямар асуудал, шийдэл дээр төвлөрөх зэрэг нь хөгжлийн бэрхшээлийн төрөл, боловсрол, мэргэжлийн ур чадвар, ямар үр дүнд хүрэхээр зорьж ажиллах.
- Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээний хүрээнд хүнтэй харилцах ур чадвар дээшлүүлэх, хөдөлмөрийн харилцааны мэдлэг олгох, хөдөлмөрийн дэг журам, үйлдвэрлэлийн горимд дасан зохицох, хөдөлмөрийн хамт олны нэг болгох буюу багаар ажиллах гэсэнд үйл ажиллагааг АМЧБОЗӨ үйлчилгээнээс гарсан зөвлөмжийн дагуу явуулах, эсвэл мэргэжилтэн түр авч ажиллах.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд богино хугацааны мэргэжлийн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах боломжтой.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг мэдээллээр хангах, нэн ялангуяа яагаад бусад ажилтнаас бага эсвэл их цалин авах болсон тухай зэрэг.
- Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байран дээр дадлагажуулах зорилгоор ментор багшийг дагалдуулан ажиллуулах хэрэгтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээнд тохируулан ажлын байрыг хүртээмжтэй болгох. Шаардлагатай тохиолдолд тохирох хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах. Энд манай нөхцөлд ажилд ирж очих асуудлыг орхигдуулж болохгүй
- Шинээр ажилд орж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдээллийг бүх ажилчдадаа өгөх, хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, ялгаварлан гадуурхалт, хүний эрхэм зэргийн тухай сургалтад хамруулах
- Мэргэжлийн сургалтын байгууллага, төрийн орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан байгууллага, хөгжлийн бэрхшээлээр мэргэжсэн АМЧБОЗӨ үйлчилгээ үзүүлэх байгууллага, ААН гэсэн сүлжээ үүсгэн ажилвал үр дүнд хүрнэ. Та хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ажлын байраар хангахаар шийдсэн бол ийм хэлбэрийн сүлжээ үүсгэсэн байгууллагатай хамтран ажилвал үр дүнтэй.
- Нийгмийн халамжийн оновчтой үйлчилгээ буюу Хувийн туслах үйлчилгээгээр хангах
Эдгээр мэдээллийг тодорхой хүн дээр хэрэгжүүлэхэд бэрхшээл үүсэх үед та манай байгууллага болон бусад байгууллагад хандан зөвлөгөө авах, хамтран ажиллах нь таны ажилд оновчтой хувилбар байх болно.