Хувийн туслагч гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх ур чадвар бүхий, асаргаа үйлчилгээ, туслахын сургалтад хамрагдсан гэрчилгээтэй, насанд хүрсэн хүн байдаг. Хувийн туслахын ажлыг 18-аас дээш насны, ямар ч мэргэжил албан тушаалын хүн, оюутан сурагчид гүйцэтгэх боломжтой цагийн ажлын байр юм. Туслахын ажил бол үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлж, тухайн нөхцөлд түүний гарны оронд гар, явах хөл, ярих ам нь болж дэмжлэг үзүүлж буй хүний эрхэд суурилан явагддагаараа онцлогтой. Үүгээрээ жирийн нэг ажлын байр гэгдэх ч хүний эрх, нийгмийн хамгаалал, хүмүүнлэг ёсны бүгдийг агуулсан урам зоригтой хөдөлмөр эрхлэлтийн нэг хэлбэр юм. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд туслах ажилтан маш их шаардлагатай бөгөөд туслах ажилтан авснаар өөрөө өөртөө итгэх итгэл бий болж, бодит утгаараа бие даан амьдрах боломжийг олж авдаг.
Жишээ нь: Хүнд хэлбэрийн тархины саажилт хүн өөрөө хувцасаа өмсөж чадахгүй, орноосоо босож чадахгүй, хоолоо идэж чадахгүй, бие засаж чадахгүй гээд бүх л үйлдэл дээр нь хүний туслалцаа хэрэгтэй. Одоогийн Монгол улсын халамжын тогтолцоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ар гэрт нь эсвэл асрамжийн газарт даатгах хандлагатай байна. Ар гэрт даатгасанаар гэр бүлийн санхүү дагаад мууддаг. Харин хувийн туслах авснаар хүн нийгмийн амьдралд идэвхитэй оролцох, идэвхитэй амьдралын хэв маягт шилжих боломжтой юм. Цаашлаад бие даан амьдрах, сурах, ажил хийх нөхцөл бий болдог.
Хувийн туслахыг асрагч эсвэл зарц, үйлчлэгчтэй андуурч ойлгож болохгүй. Тиймээс хувийн туслахыг бэлтгэхэд олон улсад нэг үзэл баримтлал, зарчмын хүрээнд сургалтын агуулгыг боловсруулж төлөвлөн хэрэгжүүлдэг. Үүнийг төрөөс баталгаажуулж, тусгай эрх бүхий байгууллага, мэргэжилтэнтэй баг хэрэгжүүлж, гэрчилгээ олгодог.