Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Бие даан амьдрах 0 сэтгэгдэл 12 үзсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүний өдөр тутмын нийгмийн оролцоог дэмжих уялдаа холбоо бүхий үйлчилгээнүүдээр “БИЕ ДААН АМЬДРАХ ЭРХ” хэрэгжинэ. Энэхүү чухал үнэ цэнэтэй үйлчилгээ, үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, зохион байгуулалтыг голлосон байгууллагууд хэрэгжүүлэх нь илүү бодит бөгөөд үр дүнтэй байдаг нь олон улсын туршлага харуулдаг. Иймд бие даан амьдрах төвүүд голлон хэрэгжүүлдэг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх үйлчилгээ дараах төрлүүдтэй байна.

Хувийн туслахын үйлчилгээ

Бие даан амьдрах хөтөлбөрт хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс харилцан адилгүй бөгөөд үйлдлийн чадвараас хамаарч өдөр тутмын үйлдэлдээ бусдын дэмжлэг авах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай хүн байдаг. Хөтөлбөрт хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйлдлийн чадамжаас нь хамааран хувийн туслахын үйлчилгээнд хамруулж нийгэм соёлын амьдралд саадгүй оролцох, үр дүнтэй суралцах, ажил хөдөлмөр эрхлэх, боломжтой болдог. Ингэхдээ бие даан амьдрах төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагыг тогтоосноор, хувийн туслагчийн сургалтанд хамрагдаж ур чадвар эзэмшсэн туслах ажилтан нарыг томилон ажиллуулна.

Хувийн туслагч нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд сургалтанд хамрагдаж ур чадвар эзэмшсэн, хүний эрх, хүн байх утга учрыг ухамсарласан туслах ажилтан нарыг бэлтгэн томилон ажиллуулдаг. Мөн хүний хүсэл сонирхол, хараат бус байдал, сонголт, нэр төрийг нь хүндэтгэн үзэх, хувь хүний нууцыг чандлан хадгалах үүрэгтэй байдаг.

Peer counseling буюу зөвлөлдөөн үйлчилгээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамгийн их тулгарах бэрхшээлтэй асуудал бол сэтгэл зүйн хямралд орох явдал юм. Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн амьдралд оролцох аливаа саад бэрхшээл болон хөгжлийн бэрхшээлээс хамаарах тулгамдсан асуудалуудыг хэрхэн яаж даван туулах, гарц шийдлийг олоход ижил бэрхшээлтэй хүмүүсийн бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр явагдах ярилцлага чухал юм. Уг асуудлыг олон улсад /peer counsuling/ буюу зөвлөлдөөн үйлчилгээ гэдэг. Бие даан амьдрах төвүүдийн үндсэн ажлын нэг бөгөөд тус үйлчилгээний дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн амьдралд оролцох, цаашлаад ажил хөдөлмөр эрхлэх хүсэл, сэдэл төрж асуудлаа даван туулах эрмэлзэлтэй өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох хэрэгцээ үүсдэг байна. Амьдрал баян болохоор үүнтэй төсөөтэй олон асуудлыг шийдэх арга замыг хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөөр нь гаргуулах, ухамсарлан ойлгуулах ажил энэ үйлчилгээгээр дамжин хийгддэг. Энэхүү үйлчилгээг тодорхой сэдэв, хөтөлбөрийн дагуу мэргэшсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн чиглүүлэн явуулдаг.

Нийгмийн оролцоо буюу бие даан амьдрах хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дотор тэдэнд зохисгүй нийгмийн хамгааллын тогтолцоо, нийгэм болон гэр бүлийн буруу хандлагаас улбаалан тэд нийгмээс удаан хугацаагаар тусгаарлагдах явдал цөөнгүй. Мөн зохих боловсрол эзэмшиж чадахгүй, нийгмийн харьцаанд орж чадаагүйн улмаас зарим хүмүүст энгийн, зүй ёсны мэт санагдах зүйлс хөтөлбөрт хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүндрэл болсон байдаг.

Жишээлбэл: Би чадахгүй гэсэн айдас, банкаар үйлчлүүлэх, нэн ялангуяа орчин үеийн ухаалаг төхөөрмжүүдийг ашиглаж чадахгүй гэсэн айдас, ичих зовох, үүгээр ч зогсохгүй өөрийн хоол ундаа өөрөө хийж чадахгүй гэсэн бодол байдаг. Энэ бодлоос нь салгахын тулд тухайн хүнд нөхцөл байдлын үнэлгээ хийж тодорхой хугацаагаар төв дээрээ байрлуулан амьдруулах, бие даан амьдрах хөтөлбөрт хамруулдаг. Энэ нь нэг сараас зурган сар, зарим хүний хувьд хэдэн жилээр ч энэ үйлчилгээг авах хэрэгцээ үүсдэг. Гэр бүлийн гишүүдээсээ өөр хүнтэй ярьдаггүй, урт хугацаанд нийгмээс тусгаарлагдаж, өөрт хамааралтай зүйлд шийдвэр гаргах, сонголт хийх, хариуцлага хүлээх боломж нь хязгаарлагдмал хүнийг нийгмийн үнэ цэнэтэй, хариуцлагтай гишүүн болгох тийм амаргүй. Харин үүнийг энэхүү үйлчилгээгээр хийх боломжтой юм.

Бие даан амьдрах хөтөлбөр, пийр зөвлөлдөөнөөр дамжуулан тухайн хүнийг нийгмийн амьдралд оролцох хүсэл тэмүүлэлтэй идэвхитэй гишүүн болгодог. Хөгжлийн бэрхшээлтэй хүнээсээ шалтгаалан ямар үйлчилгээнд хамрагдах, алийг нь илүү их авах, ямар хугацаагаар авах зэрэг нь тухайн хүний нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагаас тодорхойлдог.

Сургалт мэдээллийн үйлчилгээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх ёстой. Түүнчлэн сургалтыг тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нь нийцүүлэн төлөвлөх бөгөөд өдөр тутмын болон холбогдох хууль эрх зүй, төрийн үйлчилгээ зэргээр ангилан зохион байгуулдаг.

Бусад

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг идэвхжүүлэх, олон нийтийн хамарсан семинар, сургалт, уулзалтад хамруулах. Хүн бүрт хүртээмжтэй орчныг бий болгох нийгмийн сөрөг хандлагыг өөрчлөхөд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаанд оролцуулах гэх мэт.

Нийтлэлийн PDF хувилбар татах (шинэ цонхонд)

Блог руу буцах