Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Бие даан амьдрах, Хүний эрх 0 сэтгэгдэл 28 үзсэн

Таны эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, тэднийг ажлын байраар хангах эсвэл тэдгээр иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, чадваржуулах аливаа нэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, эхлүүлж байгаа юу?

Хэрэв тийм бол таны хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажилд тань дэмжлэг болох үүднээс нэгэн шинэ үзэл хандлага бүхий шинэ тогтолцооны талаарх мэдээлэл зөвлөгөө өгье. Энэ бол дэлхийн олон улс оронд нийгмийн хамгааллын салбарт нэг арга зам болон хэрэгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрхийн тухай ойлголт юм.

Хүнлэг энэрэнгүй нийгмийг бий болгоход зөвхөн хүртээмжтэй орчин бий болгосноор асуудал шийдэгдэхгүй бөгөөд хүн бүрийн оролцоог хангасан, оновчтой үйл ажиллагаа, арга замаар асуудлыг шийднэ. Тэгвэл энэхүү тогтолцооны тухай танилцуулъя.

  • Бие даан амьдрах эрх үүсэл хөгжил:

Хүн бүр байгалиас заяагдмал эрхэм зэрэг нандин чанартай, ижил үнэ цэнэтэй мэндэлдэг. Үүгээрээ хүн бүр давтагдашгүй, онцлогтой учир адил хүндлэгдэж, хэнээс ч хамааралгүй, эрх чөлөөтэй байж, амьдралаа шийдэх, сонголт хийх боломжийг өөртөө агуулсан байдаг. Гэвч зөвхөн хүнд л байх хүний эрхэм зэрэг, нандин чанар хөгжлийн бэрхшээлтэй хүнд олон шалтгаанаас болж алдагдсаар ирсэн. Тиймээс 1960-аад оноос Америкаас эхлэн дэлхийн улс орнуудад тархаж хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн эрхийн төлөөх хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлж эхэлсэн. Энэхүү хүчтэй хөдөлгөөний үр дүнд нийгмийн хамгааллын салбарт олон шинэ тогтолцоо бий болсны нэг “Бие даан амьдрах эрх” бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн салбарт хувьсал хийсэн тогтолцоо болсон.

Урьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөвхөн халамж хүртэгчийн байр сууриас харж, тэдэнд хамаарах төрийн бодлого, нийгмийн халамжийн үйлчилгээг сэргээн засах, анагаах арга хэлбэрт голлон хэрэгжүүлдэг байсан. Гэвч өнөө үед үүнээс татгалзан хүний эрхэд суурилсан үзэл хандлагад тулгуурлан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бодит хэрэгцээг дэмжих, оролцоог голлосон тогтолцоо руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аль болох нийгмийн амьдралд оролцуулах, бие даасан шийдвэр, сонголт хийсэн хариуцлагатай амьдрахад дэмжихэд чиглэдэг. Ийм үзэл баримтлал бүхий нийгмийн хамгааллын тогтолцоог олон улсад бие даан амьдрах эрх /Independent Living/ гэж нэрлэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг өмнө нь зөвхөн эмч, мэргэжилтэн мэдэж, дэмжлэг туслалцааг үзүүлдэг гэх үзэл бодол байв. Харин “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ хүсэл, хэрэгцээ шаардлагыг ойлгож чадах мэргэжилтэн юм” гэсэн үзлээр 1972 онд АНУ-ын Калифорни мужийн Беркли хотын иргэн Эд Робертс (булчингийн сулрал гэх хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй) дэлхийн хамгийн анхны “Бие даан амьдрах төв” үүсгэн байгуулсан. Беркли хотоос цаашлан Хьюстон, Бостон зэрэг орон даяар адилхан үйл ажиллагаатай төвүүд бий болсон.

Ийнхүү Америкаас эхтэй уг тогтолцоо Канад, Европын улс орнуудад түгэн дэлгэрсээр 1986 онд Япон улсад “Human care” холбоо загвар төслөөр эхлүүлж, өдгөө нийгмийн хамгааллын тогтолцоо болон хэрэгжиж байна. Азийн улсуудад Японоос эхэлсэн бие даан амьдрах эрхийн тогтолцоог Солонгос, Тайланд, Тайвань, Нипал, Пакистан, Монгол зэрэг улс орнууд авч хэрэгжүүлж байна. Ямар ч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн байлаа ч, бие даан амьдрахад дэмжих үйлчилгээний үр дүнд нийгмийн амьдралд саадгүй оролцох боломжтой болно.

Нийтлэлийн PDF хувилбар татах (шинэ цонхонд)

Блог руу буцах